Thursday, March 24, 2011

Untitled

    Би арт галерейд ирж зураг үзэх дуртай, гэхдээ заримдаа зүгээр л хүмүүсийг харах гэж ийшээ ирдэг. Тэдний нүүр царай огтхон ч сонин биш. Нэгэн хэвийн давтамжаа эвдэж ядсан оо энгэсэг, нүд, хөмсөг, уруулнууд. Харин тэдний хөл, өмссөн гутал, алхаа гишгээ нь тэднээс илүүтэй анхаарал татдаг юм. Шалан дээр хэн нэгэн уран барималчийн ( С. Ганзүг "2011.03.12" ) бүтээл хэвтэнэ. Хайрцаг дотроос эмх замбараагүйгээр урсан гарах нөгөө л царай төрхнүүд. Зарим нь инээсэн, зарим нь гунигтай, эсвэл зүгээр л ямар нэг зүйлийг чухалчлан бодож буй, үгүй бол тийм гэхийн аргагүй шинж бүхий бодол санаанууд. 

   Гаднаас нэг дэгжин өндөр өсгийт орж ирэв. Тогтож ядсан нарийн шилбийг бор шаргал түрийгээр даруулж, ихэмсэг атлаа хөнгөхөнөөр нааш цааш холхино. Тэгснээ нөгөө бүтээлийн аль нэг царай дээр гишгээд дуу алдсанаа холдов. Тэрний дараахан хар өмд бүхий хүрэн ботинк аажуухан алхалсаар орж ирээд, зураг бүрийн өмнө очин хэсэг азнаснаа, аанай л тайван алхалсаар гарч одлоо. Харин үдээрийг нь солбиж уясан, бага зэрэг хазгай гишгэгдэлтэй  пүүз, өсвөр насны бололтой охины туяхан хөлийг дагуулан цаг орчим тэнхим дотуур холхив. Сонирхон ажиглавал хувцасныхаа гадуур хүрэн өнгийн том том модон эрхи хэлхиж зүүсэн байх бөгөөд дутуу татсан цахилгаантай энгэрийн цаанаас хадгаар оосорлож зүүсэн толь маягийн зүйл цухуйна. Бас үс сахлаа урт ургуулж, Чингис маягийн согсоо дух руугаа оруулжээ. Бодвол сүүлийн үед нэг их олноороо төрөн гардаг болсон бөө зайрантан нарын нэг бололтой...
   Удалгүй гаднаас их олон хөл орж ирэв. Дороо бөөгнөрөн, эсвэл урд хойноо орон хэсэг хэсгээрээ тархан одох нь аль нэг сургуулийн лав л нэг ангийн оюутнууд байх гэмээр. Ихэнх нь мөнөөхөн шалан дээрх бүтээлийг тойрон одох бөгөөд зарим нь түр зогсоод хөлөөрөө болгоомжтой нь аргагүй түлхэж үзсэнээ холдоно.Тэр дунд хар өнгийн урт түрийтэй өндөр өсгийт жийсэн бага зэргийн майгадуу хөл, зузаавтар индүүн ултай бор гутал нөгөө бүтээлийг тойрон нэлээд алхлаа. Тэгснээ дэргэд байсан сандал дээр ирж суугаад нэг нь нөгөөдөө:
                -Чи тэр самран боовыг харсан уу? гэх нь тэр. Би тэсэлгүй инээчихэв. Урлаг аа гэж...

Sunday, March 20, 2011

* * *


*             *            *
 Бүрэнхийг гэрэлтүүлэгч нарны хугасхан туяа         
                Үдшийн тэнгэрт сарнина           
Бүүр эрт урьдын нүгэл, хэсэг шумуул                     
        Чийг бараадан ниснэ    
Нүдээ анихад сормуус тасарна                                
Сормуус минь хэдэн ширхэг юм бол?         
Нүцгэн шилбэтэй охид аяархан инээлдээд одоход
Цуурай нь агаарт үлджээ
Алгаа сунган тэнгэрийг имрэхэд                              
                одод хааяахан гялтайна
Ай, ямар тунгалаг уйтгарт ертөнц                           
               тэр чигээрээ автаа вэ?
         Хананд туссан сүүдэр инээвхийлнэ, (чшш-шш яг одоо)
Хаа нэгтээ, хэн нэгэн намайг бодож байна....        

Friday, March 11, 2011

... хавар эртийн амьсгал моддын зүгээс анхилна...



Нам тайванхан байна, зүрх уйтгарлахгүй
Намайг догдлуулах юу ч энд байхгүй      
Хавар эртийн амьсгал моддын зүгээс анхилна
Харандаагаа бариад шүлэг бичмээр санагдана
Навч ургахыг харахсан                                       
              Модод инээмсэглэхийг үзэхсэн                  
Намуухан шиврэх бороон дуслыг                       
                             нүдээ аниад тоолохсон
Тийм нэг хүсэл цээжин дотор оргилоод             
Тэмүүлсээр одоход, энд гуниг төрж байна         
Нам тайван бус байна, зүрх догдолж байна       
Намайг догдлуулах бүхэн хаа нэгтээгээс             
                                             айсуй байна
Хавар эртийн амьсгал моддын зүгээс анхилна 
Харандаагаа бариад,                                            
   шүлэг бичмээр бодогдоно