Monday, March 19, 2012

8-р сарын шүлэгс...


Аяганд тунарах кофе, нэг л дотно үнэр
Анивчих шөнийн одод, наймдугаар сарын тэнгэр
Ийм шөнийн тэнгэр лүү ширтэхэд сэтгэл нэг л хачин болдог
Инээмсэглэмээр, зөөлхөнөөр ширээ тогшмоор, чимээгүй санаа алдмаар...
Чичирхийлэх зүрхнээс ямархан хөг гардаг вэ....

Цаад гудамны булан, бүрэнхийд уусах хүмүүс
Цаг хугацааны дундуур нэвт гараад явчих шиг
Урсан одох амьдралд урсан одох л хүмүүс
Уйтгар төрөвч харамсаж л чадахгүй нь...


Мэдэхгүй, миний мэдэхгүй зүгт шувууд нисдэг юм

Мэлхий, эсвэл навч л болохсон...
Зүггүйтэж унаад тэнгэрийн тэртээ алсад тэмүүлж
Зүрхээрээ моддын гунигийг чимээгүйхэн чагнаюу...

Tuesday, January 31, 2012

* * *


Галт тэрэгний хуучин зогсоол дээрээс                 
Цас унахыг харж байна               
Гадаа хүйтэн, модод дуугаа хурааж                     
Нам гүмхэн орчинд үлгэрийн ертөнц бууж байна.
  Гагцхүү, хаа нэгтээ шугамын радиогоор                      
    Гасланги, нэг тийм жазз маягийн аялгуу ... эгшиглэнэ.
Аязыг чагнах зуураа, цагаа сэмхэн харна.             
Алсад галт тэрэг дуугарах... радио дуулах             
Арай л болоогүй байна даа ...
цас унасаар л...
Алгаа тосоход тийм сонихон, ер бусын ертөнц      
Амьсгал хүрэхэд л хайлж орхино... (энд зогссоор л...)
Зогссоор байвч, цаг урагшлах нь үгүй      
Зовнинги аялгуу л радиогоор эгшиглэнэ.
Энэ жазз бишээ, нэг л өөр аялгуу                     
Эндээс хаа нэгтээ диваажин оршиж л таарна
Бээлийгээ тайлаад тэнгэрт хуруугаа хүргэв. 
Яг одоо...
Би хаана байна вэ?                                          
-Хуучин буудал дээр...
Бүрх малгайгаа дарж өмсөөд, харсан бүхнээ мартав.        
Бүдэгхэн аялгуу нүдний өмнүүр цас болж эргэлдсээр л...

Friday, September 30, 2011

Миний номын сан


Армяны нэгэн яруу найрагч ёс заншлынхаа тухай бишрэн ярьсныг санахуй, ариун сайхан бэлгэдэлд аугаа их санаа нуугдан байдгийг олж мэдсэн. Юун гэвэл Армян оронд яруу найрагчийн гарыг эх хүн үнсвэл хүүхэд нь сайн хүн болдог гэсэн домог байдаг ажээ. Тийнхүү эх хүнд үнсүүлсэн гар хэзээ ч муу үйл хийхгүйн бас нэг учир ургамуу. Ариун нандин эх хүний уруул хүрсэн гараар муу шүлэг туурвина гэж үү? Ертөнцийн сайхан орон Армяны, яруу найрагчийн гарыг эх хүн үнсдэг энэ ёс хайрлахуйн учрыг надад гүнээ сэнхрүүлжээ. Нэгэн жаал хөвгүүн надад, хайртай охиноо "миний нээсэн гариг" гэж билээ. Хамаг сайхан юм хайртай чамаас минь эхэлнэ гэсэн бадрангуй үнэнч гал нүдэнд нь гэрэлтсэн хөвгүүн арван долоотой байсан.
Олон олон хот суурин ертөнцөд бий
Олон олон од гариг ертөнцөд бий...
   Тэр бүхэнд би очиж чадахгүй ч, хайртай охин минь бүгдийг орлоно. Уянгалаг ийм дууг орой үдшийн цагт дуулах юутай яруу, юутай сайхан. Хамаг учир хайранд л байна. Нэг хүнд бүх л ертөнцийн, бүх л зүйлийг шингээн бодож чадвал гавъяа биш гэж үү? ......

         (  үргэлжлэл www.my-book-collection.blog.banjig.net  )       

Tuesday, August 16, 2011

* * *


Моддын санаашрах нь цонхыг минь цантуулж
Шувууд зүүдээ унагах мэт навчис ойчно
Нэг л замаар зөндөө удаан бодлоо сугадан алхаж
Нэг л өөр ертөнцөөс чиний тухай зүрхээ тогшин сураглана...

*            *           * 

Tuesday, August 2, 2011

Серенада...



...Жилээс жилд энэ мэдрэмж улам л нэмэгдэх юм. Дуу аялж үзлээ, цонхоор ширтэж үзлээ, бүр тэсэхээ байгаад гүнгэнэтэл шүлэг уншин холхиж үзлээ. Арилдаггүй ээ, тэгээд үзгээ аваад бичиж эхэллээ. Бичээд л ураад л, бичээд л бас дахин ураад л байлаа. Бүх зүйл энэ өглөө л эхэлсэн. Нэг л өглөө сэрүү татаад...  гэдэг шиг өвсний толгой хэдүйн шарлаад, шивээ өвсний үзүүр салхины аясаар давалгаалах нь яагаад ч юм нуурын усыг санагдуулаад, тэнгэрт ганц нэг үүл нүүгээд л.. 
         Догдлол гунигийн улирал эхэлж байна.             
...Сэвэлзсэн салхи шиг гэгэлзсэн нэг тийм догдлол өглөөнөөс хойш цээжин дотор дэвэлзээд л байна даа... Намрыг би гэгээн уйтгар гэж нэрлэдэг. Хэзээнээс ингэж бодох болсныг бүү мэд, эсвэл багын минь дурсамжтай холбоотой ч байж мэднэ. Зуны бүгчим хүнд агаар нэг л хөнгөн болоод, навч том томоороо унаад эхлэхэд яагаад ч юм ер бусын гайхалтай хэрнээ, нэг л гунигтай харамсмаар санагддагсан. Тэр өдрүүдийн дурдатгал цагаахан хустай Орос нутгийн намар бүхий ээжийн минь дурсамж, ширээнийх нь ном ( Р. Гамзатов "Миний Дагестан", А. Рыбаков "Арбатын хүүхдүүд", Чойномын "Сүмтэй будрын чулуу", мэдээж дээр нь Пушкины түүвэр), захиан дотроос нь гарч ирдэг гоё зурагтай ил захидлууд, өвөөтэйгээ хөтлөлцөөд алхдаг Мөрөнгийн цардмал зам, голын эрэг, "Руслан, Людмила 2"-гүйгээр ( Тэнгисийн буланд ногоохон царс... гэж эхэлдэг) төсөөлөхийн аргагүй. Энэ найраглалын төгсгөл надад их таалагддаг байж билээ... Гэвч энэ тухай орхиод нэгэнтээ л намрын тухай дурссан хойно илүү үг нуршихын юун.
   Ай намар аа... гэж, Тунгалагхан зун хаа нэг тийш одоод ахиад л чи хүрээд ирэв үү? Тэгэвч чамайг ямар их хүлээгээ вэ, догдлохын шалтгаан нь энэ л юм болов уу? Бид зуныг их амархан мартдаг, бас богинохон гэж нэрлэдэг. Тэгэвч зун намрын үргэлжлэх хугацаанд онцын ялгаа үгүй. Магадгүй зуны мөн чанар нь хэтэрхий тунгалаг болохоор илүү амархан мартагддаг биз. Учир нь тунгалаг зүйлс амархан сарниж  алга болдог шүү дээ... 
Ай намар, Гэгээн гунигийн улирал...
                                                                                   2011 он  Найрамдал.

*                 *              *

Tuesday, July 5, 2011

Зүрхэн дотор минь...



Эмх цэгцгүй  тойрон нисэлдэх
Ийм нэг ертөнц дотор минь орших авч
Зүүд мөрөөдөл чинад холын  гэгээрэл
Зүрхэн дотор хэзээнээс эгшиглэн дуудах болов.
Зүрхэн дотор минь хэзээнээс эргэлзээ төрөх болов

Амьдралыг этгээд хоосноор төсөөлөөд, тэр төсөөллөө
Аль нэгтээ үзсэн зүүд гэж нэрлэе
Салхи исгэрч, бороо шаагиж, шувууд дэрхийн нисэвч
Сая үзсэн зүүдээ хаа нэгтээ мартавч
Санаан доторх эргэлзээ минь л сэтгэлийн аль нэг мухарт
Сарниж ердөө замхрахгүй нь ээ...

*                         *                          *

Sunday, July 3, 2011

Бурхан өөд очих зам...

    Энэ замаар дээш өгсөх бүрд ийм бодол төрдөг юм. Учир юун гэвээс аливаа зүйлийг сүслэхүй, эрхэмлэхүйн утгыг олж нээхэд хүн урт удаан замналыг туулдаг жамтай ажээ. Дагестаны яруу найрагч Расул Гамзатовын нэгэн түүх санаанд орлоо. Нэгэнтээ их яруу найрагч алс холын Парист нутаг нэгт зураачтай уулзжээ. Тэр хүн дэлхийг тойрон хэсэж, харь холын орны гялалзсан нийслэлд буудаллаж явавч уйтгараас салдаггүй байж. Тиймээс яруу найрагч Парисаас эргэж ирээд тэр зураачийн төрөл төрөгсдийг хайжээ. Азаар ээж нь амьд сэрүүн байсан агаад эх орноо орхиж, төрсөн нутгаа харийн орноор сольсон хүүгийнхээ тухай яриаг төрөл төрөгсөд нь гунигтайяа сонсоцгоов.  Нэг талаар тэд уучлаж буй мэт, нөгөө талаасаа амьд мэнд яваад нь баярлаж буй мэт харагдана. Гэнэт ээж нь:
                -Та хоёр  авараар ярилцав уу гэж асуулаа.
               -Үгүй, бид хэлмэрчээр дамжуулж ярилцсан. Би Оросоор, танай хүү Францаар ярьсан гэж хариулав. Хүүгээ үхлээ гэдгийг сонсоод нүүрээ таглах адил ээж нь хар нөмрөг алчуураар нүүрээ таглав. Тэгээд удтал дуугүй суусны эцэст эх нь ийн өгүүлрүүн:
-Расул, чи андуурсан байлгүй. Миний хүү аль хэдүйн нас барсан. Тэр чинь миний хүү биш. Миний хүү бол авар эх минийхээ сургасан төрөлх хэлээ мартах ёсгүй гэв.
...Хүний сэтгэл дотор ямар ч үед итгэл, найдварын гэрэл гэгээ оршин байдаг гэж би боддог. Хэрвээ тиймгүйсэн бол өнөөдөр хэчнээн олон хүн зовлон зүдгүүр, уйтгар гунигаасаа болоод амиа тэвчсэнийг тоолохын аргагүй байхсан. Магадгүй, амьдралын зам энэ Гандангийн дэнжийн зам шиг өгсүүр, бартаатай эсвэл шулуун дардан, зарим нь бүр тэвчихийн аргагүй давчуу, бохир ч байдаг байж мэднэ. Гэвч энэ нь туулж баймааж нь зорьсондоо хүрэх ертөнцийг танин мэдэх хүсэл эрмэлзлийн эхлэл, оюун санааны ухаарахуйн анхны алхам билээ. Гэгээрэл мөнх оршино хэмээн Бурхан багш сургасан байдаг. Ямартаа ч итгэл найдварын цэгийг эхлэх зураасандаа хатгасан байхад цааш явах зам  үргэлжлэх л болно. Учир нь энэ зам-Бурхан өөд очих зам...

*                     *                 *