Sunday, October 12, 2014

* * *

Хэрвээ би уйлчихвал, тэр нулимсыг чи зүгээр л ус гэж бодох уу
Хэрвээ би нисчихвэл, тэр зүгт чи нар жаргадагт итгэх үү
Хэрвээ нүдээ анивал зүрх яагаад цохилдгийг
Хэн нэгэн, хэн нэгнээс л асуух зориг дутвал...
Аньсан нүдээрээ орон зайн хязгаарыг тэмтрээд
Алган дээр чинь гунигаа сувд гээд л тавибал
Асуултад минь, шаналалд минь хариулахсан билүү...
Аль эсвэл нулимс гэж бодсоор л байх уу...

Saturday, October 11, 2014

***


           Хэзээнээс цохилж эхэлсэн нь мэдэгдэхгүй
Энэ зүрхийг
Миний нүдийг орлоно гэж бодоод
Би сохор болсон
Тэгээд чиний зүг
Тэмтчин алхахдаа...
Итгэлээрээ таяг хийсэн...


Sunday, September 7, 2014

Everything you...

Уруулд чинь тодрох инээмсэглэлийн
Нууцыг тайлахсан
Ямар нэг зүйл тэнд байна.
Ус дуслах мэт, аниргүйн гүн дэх чимээг
Би зүрхээрээ сонсном...
Чиний зүгээс үнэн болоод мөнхийн
Гоо сайхныг эрэлхийлж
Чив чимээгүй ертөнцийн дунд
Лаа мэт бөхнөм...

Monday, March 19, 2012

8-р сарын шүлэгс...


Аяганд тунарах кофе, нэг л дотно үнэр
Анивчих шөнийн одод, наймдугаар сарын тэнгэр
Ийм шөнийн тэнгэр лүү ширтэхэд сэтгэл нэг л хачин болдог
Инээмсэглэмээр, зөөлхөнөөр ширээ тогшмоор, чимээгүй санаа алдмаар...
Чичирхийлэх зүрхнээс ямархан хөг гардаг вэ....

Цаад гудамны булан, бүрэнхийд уусах хүмүүс
Цаг хугацааны дундуур нэвт гараад явчих шиг
Урсан одох амьдралд урсан одох л хүмүүс
Уйтгар төрөвч харамсаж л чадахгүй нь...


Мэдэхгүй, миний мэдэхгүй зүгт шувууд нисдэг юм

Мэлхий, эсвэл навч л болохсон...
Зүггүйтэж унаад тэнгэрийн тэртээ алсад тэмүүлж
Зүрхээрээ моддын гунигийг чимээгүйхэн чагнаюу...

Tuesday, January 31, 2012

* * *


Галт тэрэгний хуучин зогсоол дээрээс                 
Цас унахыг харж байна               
Гадаа хүйтэн, модод дуугаа хурааж                     
Нам гүмхэн орчинд үлгэрийн ертөнц бууж байна.
  Гагцхүү, хаа нэгтээ шугамын радиогоор                      
    Гасланги, нэг тийм жазз маягийн аялгуу ... эгшиглэнэ.
Аязыг чагнах зуураа, цагаа сэмхэн харна.             
Алсад галт тэрэг дуугарах... радио дуулах             
Арай л болоогүй байна даа ...
цас унасаар л...
Алгаа тосоход тийм сонихон, ер бусын ертөнц      
Амьсгал хүрэхэд л хайлж орхино... (энд зогссоор л...)
Зогссоор байвч, цаг урагшлах нь үгүй      
Зовнинги аялгуу л радиогоор эгшиглэнэ.
Энэ жазз бишээ, нэг л өөр аялгуу                     
Эндээс хаа нэгтээ диваажин оршиж л таарна
Бээлийгээ тайлаад тэнгэрт хуруугаа хүргэв. 
Яг одоо...
Би хаана байна вэ?                                          
-Хуучин буудал дээр...
Бүрх малгайгаа дарж өмсөөд, харсан бүхнээ мартав.        
Бүдэгхэн аялгуу нүдний өмнүүр цас болж эргэлдсээр л...

Friday, September 30, 2011

Миний номын сан


Армяны нэгэн яруу найрагч ёс заншлынхаа тухай бишрэн ярьсныг санахуй, ариун сайхан бэлгэдэлд аугаа их санаа нуугдан байдгийг олж мэдсэн. Юун гэвэл Армян оронд яруу найрагчийн гарыг эх хүн үнсвэл хүүхэд нь сайн хүн болдог гэсэн домог байдаг ажээ. Тийнхүү эх хүнд үнсүүлсэн гар хэзээ ч муу үйл хийхгүйн бас нэг учир ургамуу. Ариун нандин эх хүний уруул хүрсэн гараар муу шүлэг туурвина гэж үү? Ертөнцийн сайхан орон Армяны, яруу найрагчийн гарыг эх хүн үнсдэг энэ ёс хайрлахуйн учрыг надад гүнээ сэнхрүүлжээ. Нэгэн жаал хөвгүүн надад, хайртай охиноо "миний нээсэн гариг" гэж билээ. Хамаг сайхан юм хайртай чамаас минь эхэлнэ гэсэн бадрангуй үнэнч гал нүдэнд нь гэрэлтсэн хөвгүүн арван долоотой байсан.
Олон олон хот суурин ертөнцөд бий
Олон олон од гариг ертөнцөд бий...
   Тэр бүхэнд би очиж чадахгүй ч, хайртай охин минь бүгдийг орлоно. Уянгалаг ийм дууг орой үдшийн цагт дуулах юутай яруу, юутай сайхан. Хамаг учир хайранд л байна. Нэг хүнд бүх л ертөнцийн, бүх л зүйлийг шингээн бодож чадвал гавъяа биш гэж үү? ......

         (  үргэлжлэл www.my-book-collection.blog.banjig.net  )       

Tuesday, August 16, 2011

* * *


Моддын санаашрах нь цонхыг минь цантуулж
Шувууд зүүдээ унагах мэт навчис ойчно
Нэг л замаар зөндөө удаан бодлоо сугадан алхаж
Нэг л өөр ертөнцөөс чиний тухай зүрхээ тогшин сураглана...

*            *           * 

Tuesday, August 2, 2011

Серенада...



...Жилээс жилд энэ мэдрэмж улам л нэмэгдэх юм. Дуу аялж үзлээ, цонхоор ширтэж үзлээ, бүр тэсэхээ байгаад гүнгэнэтэл шүлэг уншин холхиж үзлээ. Арилдаггүй ээ, тэгээд үзгээ аваад бичиж эхэллээ. Бичээд л ураад л, бичээд л бас дахин ураад л байлаа. Бүх зүйл энэ өглөө л эхэлсэн. Нэг л өглөө сэрүү татаад...  гэдэг шиг өвсний толгой хэдүйн шарлаад, шивээ өвсний үзүүр салхины аясаар давалгаалах нь яагаад ч юм нуурын усыг санагдуулаад, тэнгэрт ганц нэг үүл нүүгээд л.. 
         Догдлол гунигийн улирал эхэлж байна.             
...Сэвэлзсэн салхи шиг гэгэлзсэн нэг тийм догдлол өглөөнөөс хойш цээжин дотор дэвэлзээд л байна даа... Намрыг би гэгээн уйтгар гэж нэрлэдэг. Хэзээнээс ингэж бодох болсныг бүү мэд, эсвэл багын минь дурсамжтай холбоотой ч байж мэднэ. Зуны бүгчим хүнд агаар нэг л хөнгөн болоод, навч том томоороо унаад эхлэхэд яагаад ч юм ер бусын гайхалтай хэрнээ, нэг л гунигтай харамсмаар санагддагсан. Тэр өдрүүдийн дурдатгал цагаахан хустай Орос нутгийн намар бүхий ээжийн минь дурсамж, ширээнийх нь ном ( Р. Гамзатов "Миний Дагестан", А. Рыбаков "Арбатын хүүхдүүд", Чойномын "Сүмтэй будрын чулуу", мэдээж дээр нь Пушкины түүвэр), захиан дотроос нь гарч ирдэг гоё зурагтай ил захидлууд, өвөөтэйгээ хөтлөлцөөд алхдаг Мөрөнгийн цардмал зам, голын эрэг, "Руслан, Людмила 2"-гүйгээр ( Тэнгисийн буланд ногоохон царс... гэж эхэлдэг) төсөөлөхийн аргагүй. Энэ найраглалын төгсгөл надад их таалагддаг байж билээ... Гэвч энэ тухай орхиод нэгэнтээ л намрын тухай дурссан хойно илүү үг нуршихын юун.
   Ай намар аа... гэж, Тунгалагхан зун хаа нэг тийш одоод ахиад л чи хүрээд ирэв үү? Тэгэвч чамайг ямар их хүлээгээ вэ, догдлохын шалтгаан нь энэ л юм болов уу? Бид зуныг их амархан мартдаг, бас богинохон гэж нэрлэдэг. Тэгэвч зун намрын үргэлжлэх хугацаанд онцын ялгаа үгүй. Магадгүй зуны мөн чанар нь хэтэрхий тунгалаг болохоор илүү амархан мартагддаг биз. Учир нь тунгалаг зүйлс амархан сарниж  алга болдог шүү дээ... 
Ай намар, Гэгээн гунигийн улирал...
                                                                                   2011 он  Найрамдал.

*                 *              *

Tuesday, July 5, 2011

Зүрхэн дотор минь...



Эмх цэгцгүй  тойрон нисэлдэх
Ийм нэг ертөнц дотор минь орших авч
Зүүд мөрөөдөл чинад холын  гэгээрэл
Зүрхэн дотор хэзээнээс эгшиглэн дуудах болов.
Зүрхэн дотор минь хэзээнээс эргэлзээ төрөх болов

Амьдралыг этгээд хоосноор төсөөлөөд, тэр төсөөллөө
Аль нэгтээ үзсэн зүүд гэж нэрлэе
Салхи исгэрч, бороо шаагиж, шувууд дэрхийн нисэвч
Сая үзсэн зүүдээ хаа нэгтээ мартавч
Санаан доторх эргэлзээ минь л сэтгэлийн аль нэг мухарт
Сарниж ердөө замхрахгүй нь ээ...

*                         *                          *

Sunday, July 3, 2011

Бурхан өөд очих зам...

    Энэ замаар дээш өгсөх бүрд ийм бодол төрдөг юм. Учир юун гэвээс аливаа зүйлийг сүслэхүй, эрхэмлэхүйн утгыг олж нээхэд хүн урт удаан замналыг туулдаг жамтай ажээ. Дагестаны яруу найрагч Расул Гамзатовын нэгэн түүх санаанд орлоо. Нэгэнтээ их яруу найрагч алс холын Парист нутаг нэгт зураачтай уулзжээ. Тэр хүн дэлхийг тойрон хэсэж, харь холын орны гялалзсан нийслэлд буудаллаж явавч уйтгараас салдаггүй байж. Тиймээс яруу найрагч Парисаас эргэж ирээд тэр зураачийн төрөл төрөгсдийг хайжээ. Азаар ээж нь амьд сэрүүн байсан агаад эх орноо орхиж, төрсөн нутгаа харийн орноор сольсон хүүгийнхээ тухай яриаг төрөл төрөгсөд нь гунигтайяа сонсоцгоов.  Нэг талаар тэд уучлаж буй мэт, нөгөө талаасаа амьд мэнд яваад нь баярлаж буй мэт харагдана. Гэнэт ээж нь:
                -Та хоёр  авараар ярилцав уу гэж асуулаа.
               -Үгүй, бид хэлмэрчээр дамжуулж ярилцсан. Би Оросоор, танай хүү Францаар ярьсан гэж хариулав. Хүүгээ үхлээ гэдгийг сонсоод нүүрээ таглах адил ээж нь хар нөмрөг алчуураар нүүрээ таглав. Тэгээд удтал дуугүй суусны эцэст эх нь ийн өгүүлрүүн:
-Расул, чи андуурсан байлгүй. Миний хүү аль хэдүйн нас барсан. Тэр чинь миний хүү биш. Миний хүү бол авар эх минийхээ сургасан төрөлх хэлээ мартах ёсгүй гэв.
...Хүний сэтгэл дотор ямар ч үед итгэл, найдварын гэрэл гэгээ оршин байдаг гэж би боддог. Хэрвээ тиймгүйсэн бол өнөөдөр хэчнээн олон хүн зовлон зүдгүүр, уйтгар гунигаасаа болоод амиа тэвчсэнийг тоолохын аргагүй байхсан. Магадгүй, амьдралын зам энэ Гандангийн дэнжийн зам шиг өгсүүр, бартаатай эсвэл шулуун дардан, зарим нь бүр тэвчихийн аргагүй давчуу, бохир ч байдаг байж мэднэ. Гэвч энэ нь туулж баймааж нь зорьсондоо хүрэх ертөнцийг танин мэдэх хүсэл эрмэлзлийн эхлэл, оюун санааны ухаарахуйн анхны алхам билээ. Гэгээрэл мөнх оршино хэмээн Бурхан багш сургасан байдаг. Ямартаа ч итгэл найдварын цэгийг эхлэх зураасандаа хатгасан байхад цааш явах зам  үргэлжлэх л болно. Учир нь энэ зам-Бурхан өөд очих зам...

*                     *                 *

    Thursday, May 19, 2011

    Бороонд зориулав...



    Бороо орж байна. Дээвэр товших бороо ямар нэгэн сонет тоглоод...
    ( Тэмдэглэлээс )

    Их хот уйтгарт дарагдан дүнсийж,
    Нойтон үүлс өлмийд унана
    Энд би ганцаардаж чадахаа мэдрэвч,
    Эргэн тойронд нэг л зүйл дутна

    Уйтгарлах юун, энэ аяз зогсчихвол
    Урьдынхаараа л амьдрал дахиад үргэлжилнэ.
    Ахиад  шинээр дурлахад хуучин дурлал мартагдана
    Алган дээр минь бороо дусахад нулимс гэж бодно.

    Зэлүүд чулуун гудамнаа танил дурсамжаа бэдрэхүй
    Жигтэй аяз дуурьсах нь эргэн тойронд бороо...
    Гутлаа товшоод алхахад сэтгэл нэг л хоосон...
    Гудамж туучих чимээ,                                  
             солонгорох дэнлүүний гэрлээс
    Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?....

    Wednesday, May 18, 2011

    Санамсаргүйгээс...

       Өнөөдөр нийтийн унаанд суугаад, санамсаргүй Демис Роусесийн шүтэн бишрэгчтэй таарлаа. Урлаг гэдэг хаана ч оршин байж чаддаг, мөнхийн гоо сайхан аж. Тийм ч учраас хүн бүрийн дотор сайханд тэмүүлэх хүсэл нуугдан байдаг бөгөөд түүнийгээ тэрхүү оршин буй зүйлээр дамжуулан олж авдаг буюу. Нэгэнтээ номноос ийнхүү уншиж байсан нь санаанд орлоо. Юун гэвэл, "Энгийнээс яруу сайхныг нээхэд нарийн мэдрэмж шаардагдана. Харин яруу сайхан нь байгалийн үзэгдэл хийгээд хүний амьдралын дотоод харилцан шүтэлцээний улмаас урган гарна."  гэсэн нь магадгүй гоо сайхан гэдэг ойлголтын хамгийн энгийн тайлбар ч байж мэднэ. Тиймээс л шүтэн бишрэх  нь мөнөөхөн хүний дотор нуугдан буй урлагт тэмүүлэх хүсэл байх. Гоо сайхан оршин байгаа болохоор л амьдрал өнөөдөр илүү гэгээлэг байдаг ч юм билүү. Цааш үргэлжлэх энэхүү эргэцүүллээ танд үлдээе... 
     Таалан болгооно уу...




    Friday, April 15, 2011

    ...туяхан ишин дээрх цаг хугацааны тоглоомхон минь...


    Тунгалагхан мөрөөдөл минь, мөнхийн гоо үзэсгэлэн минь
    Туяхан ишин дээр наадах цаг хугацааны тоглоомхон минь
    Залуу нас хийгээд хэврэгхэн амьдралын таталбар
    Замлин дээр юу чамайг ийм аяс яруухан болгоо вэ...

    Мартаж чаддаггүй тэр нэгэн дуртгал шиг
    Магадгүй, зөөлөн шүргэхэд л гэмтэж мэдэх
    Сүүрс алдалт, гэрэлтэх уйтгартай минь зүрхэнд урсах
    Шүлэг шиг уянгалаг, сэтгэл шиг эмзэглэг
    цаг хугацааны тоглоомхон минь
    цайлган инээмсэглэлт залуу нас минь....

    Monday, April 11, 2011

    Яруу найраг, мөн чанарын ойлголт хийгээд цаг хугацаа...

       Юун түрүүн яруу найраг гэж юу вэ? гэдэг асуултыг тавьж үзье. Гэвч хариулахаасаа өмнө эхлээд яруу найргийн тухай тодорхой ойлголтоос ганц нэгийг дурдах нь зүйтэй болов уу. 

       "Яруу сэтгэлээр бичсэн шүлгийг яруу найраг гэнэ" (Цахар гэвш Лувсанчүлтэм) гэсэн эл ишлэлээс үзвэл яруу найраг хэмээгч нь сэтгэл гэдэг эрхтэнтэй салшгүй холбоотой хэмээн эртнээс үзсээр ирсэний баталгаа болж буй хэрэг юм. Гүн ухаанд нэг ийм категори байдаг.     

        "Пифагорын теором бол хэлбэрийн онол юм. Математикч хүн гурвалжины теоромыг баталж байхдаа хаа нэгтээ зурагдсан ямар нэгэн тодорхой дүрсний тухай ярьдагггүй, харин оюун ухаанаараа харж байгаа зүйлийн тухай ярьдаг. Ингэж сэтгэхүй, мэдрэхүйн хооронд ялгаа гарч эхэлнэ. Үүнээс ганц алхаад сэтгэхүйн зүйл бол бодит төгс, мөнхийн эд харин мэдрэхүйн зүйл санагдахуйн шинжтэй төгс бус гэсэн дүгнэлтэнд хүрнэ. " гэжээ.

         Сэтгэхүй юу, мэдрэхүй юу маргааныг юутай ч түр орхиё. Харин эдгээрийн нийлбэр цогцоос яруу найраг төрдөг гэдгийг л онцлон тэмдэглүүштэй. Яруу найраг цаг хугацаанаас мөн чанарын хамааралтай. Тиймээс ч Лессинг хэлэхдээ: "Цаг хугацаа яруу найрагчид, орон зай зураачид хамааралтай." гэсэн нь дээрх тодорхойлолтод хамаарах буюу. Үүнд тулгуурлаад зарим нэг яруу найрагчдын бүтээл дээр жишээ авъя.

    Манант ойн гүнээс                            
    Хаа нэг шар навч-                            
    Маргаашийн төрх хааяахан цухалзах
                                                  Хязгаар эцэсгүй өнөөдөр.             ( Г.Аюурзана )                      

       Энэ шүлгийн үндсэн санаа нь намар. Навч шарлаж, улирал хувьсахад намрын тухай мэдрэмж зохиогчийн оюун санаанд цаг хугацааны талаарх эргэцүүллээр өрнөж байна. Яруу найрагт уянгын баатрын сэтгэл хөдлөл бодитой субъектив шалтгаан болдог. Харин үргэлжлэх үйл явц нь шүлгийн өгүүлэмжид тухайн субъектын мэдрэмжид өртсөн тэр объект тодорхой хийсвэрлэл, эргэцүүллээр баяжин зохиогчийн оюун санааны ертөнцийг бүтээлцдэг. Өөр нэг шүлгэнд: 

    Анхны цас
    Сүмийн дээр 
    Хонхны дуунд
    Сүслэн бууна
    Хонхны дуу 
    Сүмийн дээр
    Аниргүй цас шиг 
    Аяар түгнэ

    Цагаан шившлэг
    Уруул бүлээцүүлээд
    Цантсан сормуус
    Шүргэн нисэлдэнэ

    Бодь гөрөөс 
    Цагийг шилгээгээд
    Босоод ирвэл л
    Цаг зогсоно

    Залбирсан алганд минь
    Намар байгаа
    Задарсан үсэн дээр
                                                   Анхны цас.                         ( Л.Өлзийтөгс )

       Энд мөнөөхөн цаг хугацааны талаарх ойлголтыг зохиогч өөрийнхөөрөө бүтээжээ. Үйл явдлын эхлэл нь цас,  дараалал нь:
    Анхны цас- Хонхны дуу, 
    Цагаан шившлэг- Бодь гөрөөс,
    Цагийг шилгээхэд- Цаг зогсоно- Алганд нуусан НАМАР...

    Намар хийгээд цасны шалтгаан нь ердөө л цаг хугацаа. Ертөнцөд болж буй, өрнөж буй, мөн улиран буй бүхнийг олж харсан мэдрэмж нь ийнхүү шүлэг болон буусанд л учир оршном....

    Өөр нэг жишээ:
    Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно          
    Сарны гэрэлтэйд шувууны нулимсанд дулаацаж өвс болно
    Сархадын халуунд санчиг бүлээцүүлж нулимс болно          
    Самрын үр шиг бөөрөнхий хорвоод яаж ийгээд хүн болно

    ...Өөлөн сар өнхөрч ойчоод нуур болно                                   
      Өндөр тэнгэр даарч хоноод өглөө босоход өвөл болно      
    Өвгөн жимс тасарч унаад өндгөн бие нь бурхан болно    
    Өөрөө би хальж одоод,                                                     
                өвснөөс ч илүү өвс,                                
                    навчнаас ч илүү навч,           
                                                                    чулуунаас ч илүү чулуу болно      (Д.Баттогтох ) 

      Жам ёсны тухай бодрол энд мөн л үргэлжилсээр. Ганцхүү дээрх хоёр шүлгээс ялгаатай нь ертөнцийн тухай бүхэлд нь эргэцүүлж, тэр бүгдэд цаг хугацаа улиран одож буй хором мөч бүрийг гол шалтгаан болгон авснаараа онцлох хэрэглэгдэхүүн болжээ. Харин аливаа юм мөхөж устдаг ч тэр бүгдийн цаана буй үргэлжлэл, эргэх холбоо гэгч цаг хугацааны мөн чанарын гол утга гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Энэ санааг батлахын тулд өөр нэг өнцгөөс харж бичсэн шүлгийг харъя.
      
        Навчин дээр         
    Сарны гэрэл зөөсөн 
    Эрвээхэйд минь ээ.  
    Эрт балрын үнэр     
                        Надад илгээ.          (Ц.Цэнд )

      Энд цаг хугацааг бодичилон дүрсэлж, харин оршихуйд өртөн буй дамжуулагч нь эрвээхэй болсон байх бөгөөд зохиогчийн оюун санааны хийсвэрлэлээр цаг хугацааг бүтээгч нь эзэн өөрөө болсон байна. Эндээс цаг хугацаа хийгээд мөн чанарын тухай ойлголт нь яруу найрагт зайлшгүй шалтгаанаар өрнөдөг бөгөөд зохиогчийн оюун санаандаа дүрслэн өгүүлсэн сэтгэхүйн үйлдэл мэдрэмжээр дамжуулан тодорхой субъектив болдог гэдгийг харж болно. 

    Үргэлжлэл бий...

    Tuesday, April 5, 2011

    ....Эдитийн дууг сонсоод...


    Бороо ороход...                                         
    Эдитийн дууг чихэвчээрээ сонсоод алхана
    Инээмсэглэнэ, уруул,                                     
                            нүдэн дээр бороо дусна
    Ус биш аз жаргал гэдгийг нь                        
    Уйлах биш гэрэлтэх тэнгэрийг хараад        
    Гуниглаж чадахгүйгээ мэдрэхдээ                
    Эдитийн дуунаас намуухан аялна...        
    Инээмсэглэнэ...                          
    Ягаан шил, Парисын бороо                            
    Яг ингэж дотроо дуулаад                                
    Чихэвчээ авахад бороо шивэрнэ                    
    Чиний тухай бодно, Улаанбаатарын гудамд
    Бороо ороход л гуниглахын аргагүй ээ... 


       

    Thursday, March 24, 2011

    Untitled

        Би арт галерейд ирж зураг үзэх дуртай, гэхдээ заримдаа зүгээр л хүмүүсийг харах гэж ийшээ ирдэг. Тэдний нүүр царай огтхон ч сонин биш. Нэгэн хэвийн давтамжаа эвдэж ядсан оо энгэсэг, нүд, хөмсөг, уруулнууд. Харин тэдний хөл, өмссөн гутал, алхаа гишгээ нь тэднээс илүүтэй анхаарал татдаг юм. Шалан дээр хэн нэгэн уран барималчийн ( С. Ганзүг "2011.03.12" ) бүтээл хэвтэнэ. Хайрцаг дотроос эмх замбараагүйгээр урсан гарах нөгөө л царай төрхнүүд. Зарим нь инээсэн, зарим нь гунигтай, эсвэл зүгээр л ямар нэг зүйлийг чухалчлан бодож буй, үгүй бол тийм гэхийн аргагүй шинж бүхий бодол санаанууд. 

       Гаднаас нэг дэгжин өндөр өсгийт орж ирэв. Тогтож ядсан нарийн шилбийг бор шаргал түрийгээр даруулж, ихэмсэг атлаа хөнгөхөнөөр нааш цааш холхино. Тэгснээ нөгөө бүтээлийн аль нэг царай дээр гишгээд дуу алдсанаа холдов. Тэрний дараахан хар өмд бүхий хүрэн ботинк аажуухан алхалсаар орж ирээд, зураг бүрийн өмнө очин хэсэг азнаснаа, аанай л тайван алхалсаар гарч одлоо. Харин үдээрийг нь солбиж уясан, бага зэрэг хазгай гишгэгдэлтэй  пүүз, өсвөр насны бололтой охины туяхан хөлийг дагуулан цаг орчим тэнхим дотуур холхив. Сонирхон ажиглавал хувцасныхаа гадуур хүрэн өнгийн том том модон эрхи хэлхиж зүүсэн байх бөгөөд дутуу татсан цахилгаантай энгэрийн цаанаас хадгаар оосорлож зүүсэн толь маягийн зүйл цухуйна. Бас үс сахлаа урт ургуулж, Чингис маягийн согсоо дух руугаа оруулжээ. Бодвол сүүлийн үед нэг их олноороо төрөн гардаг болсон бөө зайрантан нарын нэг бололтой...
       Удалгүй гаднаас их олон хөл орж ирэв. Дороо бөөгнөрөн, эсвэл урд хойноо орон хэсэг хэсгээрээ тархан одох нь аль нэг сургуулийн лав л нэг ангийн оюутнууд байх гэмээр. Ихэнх нь мөнөөхөн шалан дээрх бүтээлийг тойрон одох бөгөөд зарим нь түр зогсоод хөлөөрөө болгоомжтой нь аргагүй түлхэж үзсэнээ холдоно.Тэр дунд хар өнгийн урт түрийтэй өндөр өсгийт жийсэн бага зэргийн майгадуу хөл, зузаавтар индүүн ултай бор гутал нөгөө бүтээлийг тойрон нэлээд алхлаа. Тэгснээ дэргэд байсан сандал дээр ирж суугаад нэг нь нөгөөдөө:
                    -Чи тэр самран боовыг харсан уу? гэх нь тэр. Би тэсэлгүй инээчихэв. Урлаг аа гэж...

    Sunday, March 20, 2011

    * * *


    *             *            *
     Бүрэнхийг гэрэлтүүлэгч нарны хугасхан туяа         
                    Үдшийн тэнгэрт сарнина           
    Бүүр эрт урьдын нүгэл, хэсэг шумуул                     
            Чийг бараадан ниснэ    
    Нүдээ анихад сормуус тасарна                                
    Сормуус минь хэдэн ширхэг юм бол?         
    Нүцгэн шилбэтэй охид аяархан инээлдээд одоход
    Цуурай нь агаарт үлджээ
    Алгаа сунган тэнгэрийг имрэхэд                              
                    одод хааяахан гялтайна
    Ай, ямар тунгалаг уйтгарт ертөнц                           
                   тэр чигээрээ автаа вэ?
             Хананд туссан сүүдэр инээвхийлнэ, (чшш-шш яг одоо)
    Хаа нэгтээ, хэн нэгэн намайг бодож байна....        

    Friday, March 11, 2011

    ... хавар эртийн амьсгал моддын зүгээс анхилна...



    Нам тайванхан байна, зүрх уйтгарлахгүй
    Намайг догдлуулах юу ч энд байхгүй      
    Хавар эртийн амьсгал моддын зүгээс анхилна
    Харандаагаа бариад шүлэг бичмээр санагдана
    Навч ургахыг харахсан                                       
                  Модод инээмсэглэхийг үзэхсэн                  
    Намуухан шиврэх бороон дуслыг                       
                                 нүдээ аниад тоолохсон
    Тийм нэг хүсэл цээжин дотор оргилоод             
    Тэмүүлсээр одоход, энд гуниг төрж байна         
    Нам тайван бус байна, зүрх догдолж байна       
    Намайг догдлуулах бүхэн хаа нэгтээгээс             
                                                 айсуй байна
    Хавар эртийн амьсгал моддын зүгээс анхилна 
    Харандаагаа бариад,                                            
       шүлэг бичмээр бодогдоно