Sunday, February 27, 2011

Умрын санаашрал

Түүний нэгэн бүтээлийг ийнхүү нэрлэдэг санагдана. Тэрээр Оросын төдийгүй дэлхийн яруу найргийн түүхэнд Анна Ахматова хэмээн алдаршин үлдсэн Аня Горенко билээ. Яруу найраг гэдэг аугаа их урлаг. Нэгэн алдартны хэлснээр "Измүүд өнгөрдөг, истүүд үхээд дуусдаг, урлаг л үлдэнэ."  (Набаков) гэсэнчлэн түүний шүлгүүд хайр сэтгэлийн өнгө аяс, сэтгэлгээний өвөрмөц хэлбэр, эмэгтэй хүний дотоод ертөнцийн нарийн тусгалыг илэрхийлсэн байдгаараа "Мөнгөн зууны домог " болон үлдсэн юм. Аня Горенкогийн бага нас Хан тосгонд өнгөрчээ. Түүний ээж нь тун ч боловсролтой эмэгтэй байсан төдийгүй хүүхдүүддээ А.С.Пушкин, Некрасов шүлгүүдийг уншиж өгдөг байсан гэдэг. Иймдээ ч тэрээр 11 настайгаасаа эхлэн шүлэг бичиж эхэлсэн байна. Хожим Хан тосгоны дурсамжууд түүний шүлэгт туссан нь бий.

           Сунагар сунагар модот гудамжаар нь                              
Сугсалзсан дэлт морьтнуудыг зугаацуулдаг
Тайлж үл барах түмэн оньсогын хот
  Таныг би тааж ядахдаан гуньдаг...

Жинхэнэ яруу найрагч бүрийн дотор тийм гэхийн аргагүй гэгээн гуниг оршдог аж. Магадгүй эндээс л торгон мэдрэмж, гойд уран дүрслэл урган гарч тунгалагшил болон үлддэг ч юм билүү.
Тэнд өвгөн агч дор заяасан
Гантигт хувилсан санаа минь бий
Тэрээр нуур өөд нүүр хандуулан
Залуу моддын шуугианд чих тавимуй

Аньж тавласан түүний шархыг
Ариун, нартай бороод л угаамуй...
Хүйтэн, цагаан, чи бээр хүлээзнэ
Хүүе, би чамтай адил гантиг болмуй...

Содон мэдрэмж шүү. Хөгшрөл, ганцаардал гэдэг үг байхгүй хэрнээ хүний амьдралын жам ёсыг тэр чигт нь дүрсэлсэн гэж байгаа. Нас ахихаар хүн эргэцүүлж бодох нь их болдог гэдэг. Гэхдээ тэрээр энэ шүлгийг бичих үедээ дөнгөж хорин хоёртой байсан.

Бор хөвгүүн модот гудамжаар нь тэнэж,
Бодол болон эрэгт нь суудаг байж
Бүдэгхэн сонстох хөлийн нь чимээг
Бүтэн зуунжин бид энхрийлж ирж

Нарс моддын шилмүүс живж орон
Намхан хожуулуудыг тэгшлэн дарна...
Энд түүний гурвалжин малгай, Парнийн
Элж үнгэгдсэн ботиуд л хэвтдэг байж...

Хан тосгоны зураглал тэр чигээрээ шүлэг болж буусан нь энэ. Харин нэгэнт түүний яруу найргийн тухай ярьж байгаа болохоор хайр дурлалын сэдэвт шүлгүүдийг нь дурдахгүй өнгөрч болохгүй байх. Хайр гэдэг дотоод сэтгэлийн яруусал юм. Бусдыг хайрласнаар хүн дотоод ертөнцөө нээж, хоёрдогч танин мэдэхүйн тусламжтайгаар гэгээрч эхэлдэг. Бурхан багшийн сургаалд нигүүсэлийг хайр гэж тайлбарласан нь бий. Учир нь аливаа ертөнцийн хамаг амьтныг адил тэгш хайрлах нь хамгийн дээд өглөг болох бөгөөд ингэснээр хүний оюун ухаанд цоо шинэ гарц нээгдэж буй хэрэг юм. Харин Ахматовагийн шүлгүүдэд ямар хэлбэрээр туссаныг харъя.
 
Чи намайг зүүдэлж буйг мэдээд
Би унтаж чадахгүй байна...

*               *             *
Тэнгисийн эргийн зам харлан байна
Тэнд энд шинэ, шар дэнлүүд асчээ
Санаа сэтгэл минь амгалан байна
Саях тэр эрийг ярих хэрэггүй

Эелдэг үнэнч чи бидэн найзууд юм
Ингэж зугаалж л, үнсэлцэж, өтлөх л...
Энд хөнгөн цагаан ширхгүүд адил
Ирэх сар жилүүд бидэн дээр эргэлдсээр л...

Тэрээр хүнийг хайрлаж чаддаг, яаж хайрлахаа ч мэддэг хүн байжээ. Гэхдээ ийм нэгэн шүлэг анхаарал татсан юм.
Чи намайг зохиож. Тийм бүсгүй хорвоод байхгүй 
Чиний бодсон шиг нь ч хорвоод байж таарахгүй...
...Ертөнцийн хүч тэнхэл нь хэдийнээ барагдсан
Ер байх учиргүй тэр л жил чи бид учирсан
Дэнлүүгүйд Невагийн давалгаа давирхай мэт харлан,
Дэндүү түнэр шөнө дээр доороос нөмөрсөн...
Энэ үгүйсгэл үү, эсвэл сэтгэл доторх шаналал гуниг уу. Юутай ч шөнөөр төлөөлүүлэн дүрсэлж харин түүний шөнийн зураглал нэг иймэрхүү.

Аяа, гайхамшигт, Петрийн хотын
Амаргүй сэрүүн энэ өдөр
Улаан түүдэг бадрааж шингэх наран
Удаанаар, өтгөн сүүдэр үлдээв...

Түүний амьдрал тийм ч гялалзсан, дардан замаар яваагүй. Шөнө мэт балартсан хар толбо, бартаа саад олон байсан ч тэрээр сэтгэлийн асар тэнхээ гарган даван туулсан юм. Тиймдээ ч хувь хүнийхээ хувьд давтагдашгүй мөн чанар бүхий нэгэн байсан бөгөөд түүний шавь болох Иосиф Бродский хожим багшийнхаа тухай: "Тэр хүн, бидний сэтгэл санааг ямагт хөдөлгөөнд оруулж, хайрлаж чаддаг, уучилж чаддаг байхад биднийг сургасан юм. Энэ бол хүмүний харилцааны сургууль, дээд сэтгэл хөдлөлийн соёл, шүлэг зохиогоод олохгүй дээд хүн чанарын сургууль юм. Энэ бол яруу найрагч гагцхүү сурч гарах ёстой хамгийн дээд шатны сургууль юм." гэсэн байдаг. Хамгийг татах аугаа хүч, хайрлаж энэрхэд бас уучилж чаддаг байхад оршдог аж. Тиймээс л яруу найрагчийн сэтгэл тунгалаг байдгийн учир энэ буй за. Энэ хүрээд өндөрлөе дөө.

                                                                                                    2011 он УБ хот Нийтийн номын сан

4 comments:

  1. http://www.litera.ru/stixiya/authors/axmatova/all.html

    Хоо Оросууд чинь бүр яруу найрагч, зохиолчдынхоо бүхэл бүтэн сайттай улс байх шив. Байдаг суудаг нь /намтар, уран бүтээл гээд л/ бүгд байх шив.
    Зохиолчдын хорооны сайтыг ийм болгохсон.

    http://www.litera.ru/stixiya/

    Орос хэл мэддэгүүд нь орвол зүгээр л сайт байна.

    ReplyDelete
  2. Алдарт Ахматовагийн тухай "АЯТАЙХАН" өгүүллийг чинь амтархан сууж уншлаа.
    Ингээд бичээд байвал "ХӨӨРХӨН" шүүмжлэгч гараад ирэх юм биш биз?

    ReplyDelete
  3. Энэ орос шүлгийг ойлгохоос шүлэг гэж мэдэрхэхгүй бүдүүн баараг л олгоод байна даа монгол орчуулгыг нь уншийдаа

    ReplyDelete
  4. aaya.
    Aahmatova egchiin tuhai. Emegtei huniig emegtei hun l medrehgui yahav. Minii olj haragui hed heden untsug ene bichlegt bna, Urguulan bodoj chadval shuu. Dee.

    ReplyDelete