Sunday, July 3, 2011

Бурхан өөд очих зам...

    Энэ замаар дээш өгсөх бүрд ийм бодол төрдөг юм. Учир юун гэвээс аливаа зүйлийг сүслэхүй, эрхэмлэхүйн утгыг олж нээхэд хүн урт удаан замналыг туулдаг жамтай ажээ. Дагестаны яруу найрагч Расул Гамзатовын нэгэн түүх санаанд орлоо. Нэгэнтээ их яруу найрагч алс холын Парист нутаг нэгт зураачтай уулзжээ. Тэр хүн дэлхийг тойрон хэсэж, харь холын орны гялалзсан нийслэлд буудаллаж явавч уйтгараас салдаггүй байж. Тиймээс яруу найрагч Парисаас эргэж ирээд тэр зураачийн төрөл төрөгсдийг хайжээ. Азаар ээж нь амьд сэрүүн байсан агаад эх орноо орхиж, төрсөн нутгаа харийн орноор сольсон хүүгийнхээ тухай яриаг төрөл төрөгсөд нь гунигтайяа сонсоцгоов.  Нэг талаар тэд уучлаж буй мэт, нөгөө талаасаа амьд мэнд яваад нь баярлаж буй мэт харагдана. Гэнэт ээж нь:
                -Та хоёр  авараар ярилцав уу гэж асуулаа.
               -Үгүй, бид хэлмэрчээр дамжуулж ярилцсан. Би Оросоор, танай хүү Францаар ярьсан гэж хариулав. Хүүгээ үхлээ гэдгийг сонсоод нүүрээ таглах адил ээж нь хар нөмрөг алчуураар нүүрээ таглав. Тэгээд удтал дуугүй суусны эцэст эх нь ийн өгүүлрүүн:
-Расул, чи андуурсан байлгүй. Миний хүү аль хэдүйн нас барсан. Тэр чинь миний хүү биш. Миний хүү бол авар эх минийхээ сургасан төрөлх хэлээ мартах ёсгүй гэв.
...Хүний сэтгэл дотор ямар ч үед итгэл, найдварын гэрэл гэгээ оршин байдаг гэж би боддог. Хэрвээ тиймгүйсэн бол өнөөдөр хэчнээн олон хүн зовлон зүдгүүр, уйтгар гунигаасаа болоод амиа тэвчсэнийг тоолохын аргагүй байхсан. Магадгүй, амьдралын зам энэ Гандангийн дэнжийн зам шиг өгсүүр, бартаатай эсвэл шулуун дардан, зарим нь бүр тэвчихийн аргагүй давчуу, бохир ч байдаг байж мэднэ. Гэвч энэ нь туулж баймааж нь зорьсондоо хүрэх ертөнцийг танин мэдэх хүсэл эрмэлзлийн эхлэл, оюун санааны ухаарахуйн анхны алхам билээ. Гэгээрэл мөнх оршино хэмээн Бурхан багш сургасан байдаг. Ямартаа ч итгэл найдварын цэгийг эхлэх зураасандаа хатгасан байхад цааш явах зам  үргэлжлэх л болно. Учир нь энэ зам-Бурхан өөд очих зам...

*                     *                 *

    6 comments:

    1. "Гэгээрэл мөнх оршино хэмээн Бурхан багш сургасан байдаг. Ямартаа ч итгэл найдварын цэгийг эхлэх зураасандаа хатгасан байхад цааш явах зам үргэлжлэх л болно. Учир нь энэ зам-Бурхан өөд очих зам..."

      Сайхан өгүүлэл байна. Санаж явъя.

      ReplyDelete
    2. BUrhan zug oroidoo
      Ariun shulgee duudah udur
      Alsdaa olon baigee.

      ReplyDelete
    3. Тэр ерөөл нь бат оршиг ээ

      ReplyDelete